ОУХМ Б.Сумьяа нь 1999 онд Дархан-Уул аймагт төрсөн бөгөөд ийнхүү 17-хон насандаа Монголоос анх удаа өвлийн олимпийн аварга болсон бахархам амжилтын эзэн юм. Б.Сумьяа 7 настайгаасаа тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 10 жилийн дараа өвлийн олимпийн аварга болжээ. Харин түүнийг энэ жил Пёнчаны олимпид зардалгүйн улмаас яваагүй гэх тухай мэдээлэл гарч, улмаар Д.Дагвадорж аварга түүнийг японы биеийн тамирын их сургуульд оруулахаар болсон. Улс тамирчнаасаа 16 сая төгрөг харамлалаа гэсэн мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд нэлээд шуугиан дэгдээсэн билээ. Тэгвэл энэ асуудлын хүрээнд Монголын тэшүүрийн холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд:
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр ойрын өдрүүдэд “Өвлийн олимпийн эрх авсан тамирчин зардлын асуудлаас болоод оролцож чадаагүй, хувиасаа 8 сая төгрөг зарцуулж Канадад тэмцээнд оролцсон.” гэх мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл тараагдаж байгаад санаа зовж тус холбооноос үнэн бодит мэдээллийг хүргэхээр албан ёсоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
ОУХМ Б.Сумъяа нь Пёнчан 2018 өвлийн олимпийн эрх аваагүй бөгөөд эрх авахын тулд Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээний эрхийг авч оролцон, дэлхийн шилдэг эмэгтэй 32 тамирчны жагсаалтад орж олимпийн эрх авах боломжтой. Пёнчан 2018 олимпийн эрх авсан нийт тамирчдын жагсаалтыг Олон Улсын тэшүүрийн холбооны цахим хуудас руу нэвтэрч үзнэ үү.
Эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж, олон улсад амжилт үзүүлэхийн төлөө тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод бүх л боломжоо дайчлан ажиллаж байгааг ард иргэддээ энэхүү мэдэгдлээр уламжилж, энэ эрхийг авч чадсан тамирчин бүрээ бүх л боломжоороо дэмжин ажиллаж ирснээ мэдэгдэж байна.“ гэжээ.