Өчигдөр /11-26/ буюу Билгийн тооллын
шинийн 16-ны билигт сайн өдөр Сүхбаатарын аймгийн төв Баруун-Урт суманд ах дүү
гурван ихэр залуу нэгэн зэрэг хуримаа хийжээ. Ц.Өлзийжаргал, Ц.Өлзийбаатар, Ц.Өлзиймөнх,
хэмээх ах дүү гурван ихэр энэ жил 29 настай бөгөөд сумынхаа \”Кристал” хуримын
ордонд гэрлэлтээ батлуулжээ. Багаасаа амь нэгтэй өссөн ах дүү гурван ихэр амьдралынхаа
хамгийн нандин баяр болсон хуримаа ч зэрэг хийхээр төлөвлөж ийнхүү нэг өдөр
зэрэг хийжээ. Үндэсний хувцас дээлээрээ ижилссэн тэдний үсний засалт хүртэл яг
адилхан байсан агаад уригдсан зочид хуримын эздийг андуурч будилах дөхсөн гэнэ.
Ах дүү гурав төрөлх Сүхбаатартаа гурвуулаа ажиллаж, амьдардаг бөгөөд \”том ах” Ц.Өлзийжаргал
нь Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг бол дундах Ц.Өлзийбаатар нь \”Хаан” банкинд ажиллаж, бага нь
болох Ц.Өлзиймөнх нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцааган сумын Бичигтийн боомтод
ажилладаг байна.
Э.Төгс