Японы мэргэжлийн сүмод барилдаж буй Монгол сүмоч Таканоива А.Баасандорж энэ сарын 11-нд эхлэх хаврын башёд зодоглохоор бэлтгэлдээ оржээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт Киотод болсон нэгдсэн бэлтгэлд бүтэн оролцсон байна. Таканоива өнгөрсөн намар ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар арваннэгдүгээр сарын кюүшю башё, нэгдүгээр сарын хацү башёг өнжсөн билээ.
Таканоива “Токиод нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн даваа гарагт Киотод очсон цагаас хойш л бэлтгэлээ эхлүүлсэн” гэсэн байна. Тэрбээр эхний удаад хөнгөн бэлтгэл хийжээ. Сүмогийн холбооны Барилдаан зохион байгуулах зөвлөл энэ баасан гарагт хуралдаж, башёгийн барилдааны хуваарийг гаргахын сацуу Таканоиваг башёд оролцуулах эсэхийг хэлэлцэх аж.