Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-нд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон долоон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөн “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний … тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны …байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.