Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” тодруулж байгаа билээ. Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг тус тус хүртэж байсан.
2018 оны эхний сарын шилдэг тамирчны шалгаруулалт хоёр сарын турш үргэлжилж, ялагчийн нэр тодорлоо. Нэгдүгээр сард явагдсан усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, таван зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, нийт есөн алтан медаль хүртсэн Б.Энххүслэн нийт саналын тоогоороо тэргүүлж, нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар тодорлоо. Тэрбээр 2017 оны МУССХ-ны шилдэг тамирчнаар нэрлэгдсэн, өсөх ирээдүйтэй шилдэг тамирчин билээ. Сонирхуулахад, Б.Энххүслэн яг одоо 16 зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшиж байгаа аж.
Түүнтэй алдарт И.Ярыгины нэрэмжит “Алтан Гран При” тэмцээнд түрүүлж үзүүрлэсэн чөлөөт бөхийн тамирчид болох Г.Гантуяа, П.Орхон нар өрсөлдөж, удаах байруудыг эзлэв. “Пёнчан 2018” Олимпийн наадмын өмнөх сорил тэмцээн, Сөүлийн нээлттэй тэмцээнд мөнгөн медаль хүртсэн гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг энэ сарын шилдэг тамирчинд нэр дэвшсэн билээ.
“Сарын шилдэг тамирчин”-ыг спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг. Нэгдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад 1200 гаруй хөгжөөн дэмжигч, 20 гаруй спортын сэтгүүлчид оролцсон байна.