Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-ыг тодруулж байгаа билээ.
Хоёрдугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт долоон тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтад нэр дэвшүүлжээ. Уг шалгаруулалтад Францын Парис хотноо болсон жүдо бөхийн Парисын Их Дуулга тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар нар анх удаа өрсөлдөх болсон байна. Мөн 24 орны тамирчид оролцсон Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн боксийн шигшээ багийн тамирчид болох Х.Энх-Амар, Б.Мишээлт болон О.Жаргалан нарыг нэр дэвшүүлжээ. Наймдугаар сард Индонезийн Жакарта хотноо явагдах Азийн Наадмын өмнөх сорилго тэмцээнд урамтай тулаануудыг үзүүлсээр түрүүлсэн таэквондогийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин энэ сарын шалгаруулалтад мөн багтав.
“Сарын шилдэг тамирчин”-ыг спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалт энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДРУУЛАХ ЖУРАМ
Сар бүрийн эхний хагаст тодрох сарын шилдэг тамирчныг тодруулахдаа дараах зарчмыг баримтална.
1. Спортын сэтгүүлчдийн санал – 50 хувь /Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран/
2. Онлайн санал асуулга – 50 хувь /цахим сайтууд, бусад онлайн хэрэгслүүдээр/ Энэ сарын шалгаруулалт гуравдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг тамирчны шагналыг дараагийн долоо хоногт нь гардуулах болно.
САНАЛ ӨГӨХ:
https://mnoc4.typeform.com/to/Y1O4Fy