Тавантолгой төслийг урагшлуулахын тулд Гашуун Сухайт, Сайншанд,
Бичигт-Хөөтийн гэсэн гурван чиглэлийн төмөр замын нэн яаралтай барих хэрэгтэй
болоод байгаа. Гэвч Монголд ажиллах хүчин дутмаг байгаа нь энэ ажлыг гацаах нэг
үндэс болж байна хэмээн Ардчилсан намынхан үзэж байна. Тиймээс ч төмөр замыг
барих ажилд 10 мянган цэрэг дайчлах тухай яригдаад эхэллээ. Тодруулбал, \”Цалинтай
цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улмаар авто зам, төмөр зам зэрэг бүтээн
байгуулалтын ажилд оруулж байхаар хэлэлцэгдэж байна.
Уг нь гаднаас ажиллах хүчин авахгүй дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглая
гэсэн энэ санаачлага зөв хэдий ч хэт цэрэгжсэн эдийн засаг бий болох аюултай
гэдгийг зарим улс төрчид онцлох боллоо. Жишээ нь Хотын дарга Э.Бат-Үүл төмөр
зам барих ажилд цэргүүдийг татан оруулах нь хувийн хэвшлийг дампууруулна хэмээн ихэд буруутгаж байгаа юм.
Тэрээр энэ тухайгаа \”Ардчилал хөгжсөн Монгол оронд 25 жилийн дараа их
цочирдмоор зүйлийг олж харлаа. Уг нь хувийн хэвшлээ дэмжих тал дээр улам л их
хүч хаях шаардлага тулгараад байгаа. Гэтэл төмөр замыг 10 мянган цэрэг татаж
бариулах тухай яригдаж байна. Энэ чинь чөлөөт эдийн засаг, ардчилалыг сүйтгэнэ
гэсэн үг юм. Цэргийн эдийн засаг бий болно гэсэн үг. Жишээ нь Гитлер олзны цэргүүдээр
замаа бариулсан. Мөн Сталин олзны цэргүүдээр Монгол дахь төмөр замыг Хятад руу
цэрэг, зэвсэг зөөвөрлөх зориулалтаар бариулсан байдаг. Энэ бол цэрэгжсэн эдийн
засаг. Коммунистууд хүртэл цэрэгжсэн эдийн засгаасаа айдаг байсан. Цэрэгжсэн
эдийн засаг эдийн засгийн бүх салбаруудыг дампууруулдаг. Хувийн хэвшил байхгүй
болно. Хэрвээ ажил хийе гэж хүсвэл цэрэгт л орох шаардлагатай болно. Ийм
аймшигтай зүйлийг манай улс төрчид яриад сууж байна. Ийм үйл ажиллагааг
дарангуйлагч нар л хийж байсан. Х.Баттулгыг Сталин, Гитлерийн сүнсийг босгож
ирэх юм гэж би яаж мэдэх вэ. Ийм ардчилсан үзэлтэн, ийм цэргийн коммунист
байсан гэж би яаж мэдэх вэ. Уг нь хувийн хэвшилд ажиллаж байсан хүн шүү дээ. Юу
руу явж байгаа, үр дагаврыг нь огтхон ч ойлгохгүй байна. Улаанбаатарт маш олон
залуус ажилгүй байна. Тэдэнд хөдөлмөрийн хөлсийг нь өгөөд ажиллуулалдаа. Тэгвэл
зах зээл чинь идэвхжинэ биз дээ” хэмээн тайлбарлажээ.
А.Аюуш