Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх иргэн А.Эрдэнэбилэг, Ш.Энхжин, Ж.Амгалан нарын гомдлыг 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хэлэлцэж, шийдвэр гаргажээ.
Ш.Энхжин, А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар нь Шүүхийн ёс зүйн хороо болон Улсын мөрдөн байцаах газрын тусгай субъектийн хэлтэст санаатай хууль зөрчсөн зөрчлийн хэрэгт холбогдсон юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан зөрчилд холбогдогч нар нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасанчлан шүүгчийг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэжээ.
Харин Ш.Энхжин, А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дээрх зөрчилд холбогдсон байх бөгөөд тэдэнд холбогдох зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр дууссан аж. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, Ш.Энхжин нарт холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэжээ.