Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулахдаа чадварлаг өндөр боловсролтой хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэж мэдэгдэж байсан. Тиймдээ ч түүний ЗГ бүхэлдээ давхар дээлтэй хүмүүсээс бүрдэж, үүгээрээ олон ч хүний уур бухимдлыг төрүүлж байв. Түүний ЗГ-т орсон хүмүүсээс зарим нь их зовж зүдэрч байж ЗГ-ийн гишүүн болсон гэдгийг хүмүүс сайн санаж байгаа байх. Тэдгээрийн нэг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм. Саяхан тэрээр онолын физикийн салбарын өнөө цагийн суут эрдэмтэн “Цаг хугацааны товч түүх” их тэсрэлтийн онол бүхий бүтээлээрээ хүн төрөлхтний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Стивен Хокингийн таалал төгссөн талаар твиттертээ бичиж, өөрийнхөө мэдлэг тааруу, боловсрол нимгэнтэй нэгэн гэдгийг харуулан олон хүний амны зугаа болжээ. Сангийн сайд маань өөрийн твиттер хуудаснаа энэ талаар жиргэхдээ “Энэ цаг үеийн агуу сэтгэгч тэнгэртээ оджээ. мэхийн ёслоё. алс холын огторгуйд яг одоо юу болж байгааг бид мэдэх боломжгүй. од гаригаас гарсан гэрэл хэдэн сая жилийн дараа л бидэнд дээр ирдэг… тиймээс бид гариг эрхэсийг харахдаа түүний өнгөрснийг л хардаг. Стивен Хопкинс” хэмээн бичсэн байна. Харин түүний ийнхүү жиргэснийг харсан хүмүүс хөөрхий энэ Ч.Хүрэлбаатар сайд чинь ямарч өрөвдмөөр мэдлэг боловсролтой юм бэ дээ, У.Хүрэлсүхийн Засгийн газарт ямар хүмүүс ажиллаад байнаа, тэр эрдэмтнийг чинь Стивен Хопкинс гэдгүй Стивен Хокинг гэдэг байхаа, “Ха ха том хүн болох гэж попроод нүдний булай шүдний сойз болох юм” хэмээн ёжилсон байдлаар шоолон бичсэн байна.