Их Британи улс Лондонд суугаа ОХУ-ын 23 дипломатчийг нутгаасаа хөөх болсныг албан ёсоор мэдэгдсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй тэдгээр дипломатуудыг Их Британиас гарч явахад нэг долоо хоногийн хугацаа өгсөн байна. Тэрээр мөн иймэрхүү арга хэмжээ нь Нэгдсэн вант улс дах Оросын тагнуулын арга ажиллагааг олон арван жилээр тасалдуулж байсан гэдгийг онцлон тэмдэглэжээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Их Британид гарсан халдлагад тус улс ямар ч хамаагүй гээд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн бөгөөд үүний хариуд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Их Британийн шаардлагад Орос улс хайхрамжгүй хандсан” хэмээн хэлжээ.
Одоогоос хэд хоногийн өмнө Оросын экс тагнуулч Сергей Скрипаль болон түүний 33 настай охин Юлия нар мэдрэлд нөлөөлөх химийн хортой бодисын халдлагад өртсөн бөгөөд тэднийг Их Британийн Солсбери хотын “The Maltings” худалдааны төвийн ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олсон байна.
2004 онд Сергей Скрипалийг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хүмүүс баривчилж, эх орноосоо урвасан хэргээр түүнд 13 жилийн хорих ял оноожээ. Тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан этгээдүүдийн солилцооны хүрээнд С.Скрипалийг 2010 онд АНУ-д шилжүүлэн өгсөн юм. Мөн тэр жилдээ тэрээр Их Британид шилжин суурьшсан байна.