Төрийн ордны зүүн талд орших хуучин барилга бүхий газрыг
дуудлага худалгаагаар анхны үнээс нь гурав дахин өндөр үнээр буюу 24 тэрбум
төгрөгөөр үнэ цохиж авсан Абдул Карим гэгч 60 гарч буй гадаад хүн авсан билээ.
Насаараа бизнес хийж буй Монголын баячууд дээрх газрыг авах гэж хэрэндээ хичээсэн
ч гадаад эрийн өмнө өвдөг сөхөрч, тун өрөвдөлтэй байдалд орсон. Түүнээс хойш
Абдул Карим гэгч гадаад эрийн талаар мэдээллүүд хөвөрч эхэлсэн бөгөөд \”Чингис
хааны талбайн хажуудах хотын төвийн газрыг авсан баяртай байна.
Энэ газартаа гэрэлт цамхаг барина” хэмээн мэдэгдэж байсан тэрбээр авсан газраа буцаахаар
болсноо мэдэгдсэн юм. Хэдийгээр өөрийнх нь талаар янз бүрийн мэдээлэл гарч буйн
улмаас гэрээгээ цуцлахаар болж буйгаа мэдэгдсэн ч 24 тэрбум төгрөгөөр газар
худалдаж авч, басхүү хуучин балгасыг нурааж, гэрэлт цамхаг барихад түүнээс их
хөрөнгө зарцуулах Абдул Каримын хөрөнгийг шалгахаар болсонд ийнхүү авсан газраа
буцаахаар болж байна хэмээх хардлага төрж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
зарлигаар 2012 онд Монгол Улсын иргэншил авсан тэрбээр Монгол Улсын иргэний үүргээ
биелүүлж хууль хяналтынханд хөрөнгөө шалгуулна гэдэгт итгэж байна.
Сүүлийн
жилүүдэд дэлхийн хамгийн баян орноор удаа дараа тодроод буй Катарын Батлан хамгаалах
яам болон тус улсын хааны гэр бүлтэй холбоотой ажиллаж, Монголоос шонхор шувуу
их хэмжээгээр нийлүүлдэг Абдул Каримыг өөрийнх нь хэлснээр Монголоос хонины
ноос, өлөн гэдэс, гэр гадаадад гаргаж их хэмжээний хөрөнгө хураасан гэдэгт үл
итгэгчид олон байгаа юм. Ямартай ч, түүнийг хөрөнгөө өөрөө босгосон уу аль
эсвэл түүний ард Катарын дээдсүүд байгаа юу гэдгийг тогтоох нь чухал биз ээ.