Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаас өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон. Гэвч уяачид хууль зөрчин, амралтын өдрөөр хурдан морины хаврын бүсийн “Дүнжингарав” уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт болж есөн хүүхэд мориноос унаж гэмтсэнээс гурав нь эмнэлэгт хүргэгджээ. Уралдаанд 10-13 насны хүүхдүүд азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны морьд унаж уралдсан байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, цагдаагийн хошууч Ц.Баатарболоос тодруулаха “Монголын морин спорт уяачдын холбооноос цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт Хаврын бүсийн уралдааныг өчигдөр зохион байгууллаа. Уралдааны үеэр цагдаагийн байгууллагаас 110 алба хаагч 23 автомашин, мотоциклтой үүрэг гүйцэтгэлээ.
Мөн ОБЕГ-ын газрын 25 албан хаагч, ШШГЕЗ-ын харьяа 25 алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. Уралдааны талбай хуурайшилт тоосжилт ихтэй, салхи шуургатай байсан учраас есөн хүүхэд мориноос унасан. Тэдний гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад хугарал бэртэлтэй ил харагдах шархтай гэмтсэн хүүхэд ирээгүй. Холбогдох албан байгууллагууд хамтарч ажилласан. Цагдаагийн байгууллага нь тухайн урлаг, спортын арга хэмжээг хориглох заалт байхгүй. Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах хуулийг биелүүлж ажилладаг” гэлээ.