Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өглөө. Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдлээ.
Түүнчлэн Ерөнхий сайд бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.
Засгийн газрын тогтоолоор бус уяачдын холбооны шийдвэрээр зохион байгуулагдсан Дүнжингарав уралдаан гуравдугаар сарын 18-нд орой 21:00 цаг хүртэл үргэлжилсэн билээ. Тухайн үед харанхуй болсон байсан учир уяачид морь, уралдаанч хүүхдээ танихгүй, олохгүй байх зэрэг хүндрэлүүд үүсжээ.
Улмаар Дүнжингарав уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унасны 2 нь машин мөргөж хүнд бэртээд байгаа тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өчигдөр мэдээллээ.