Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас \”Архигүй баасан гараг” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ-аас дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэстэй хамтран \”Архигүй амьдрал-Бидний ирээдүй” өдөрлөгийг өнгөрөгч Баасан гаригт буюу 12-р сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн 120 гаруй оюутан сурагч хамрагдан оролцсон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс оюутан залуустаа архи, согтууруулах ундааны хор холбогдлыг таниулах, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл хийж, \”Архигүй ирээдүйг бүтээхэд хүн бүхний оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн арга хэмжээний үеэр \”Архигүй Баасан гараг” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан \”Архигүй амьдрал бидний хүрээнд” гар зургийн уралдаан, илтгэлийн уралдаанд тэргүүлсэн 11 оюутан, сурагчдыг дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагнал үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга М.Чинболд, ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, Цагдаагийн 3-р хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Г.Эрхэмбаяр, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл, сургалтын төвийн захирал Г.Билгүүн нар оролцсон бөгөөд тэд \”Чингис Соосэ”, \”Мандах бүртгэл”, \”Ач” их сургуулуудад архигүй хамт олон болох батламж урилагыг гардуулсан юм.
Эх сурвалж: shd.mn