УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр \”Өчигдөр АН-аас зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд \”МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 болгууллаа” гэдэг цуурхал, гүтгэлгийг тараасан. Тиймээс энэ ташаа мэдээллээ залруулахыг АН-аас шаардаж байна” гэлээ.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэхүү гүтгэлгийн шинжтэй мэдээллийг залруулж, ард иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгч үг хэлэх гэсэн гишүүдийн эрхэнд УИХ-ын дарга халдаж микрофоныг нь хаасан тул хэвлэлийнхэнд хандаж буйгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр онцлов. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар \”Энэ асуудлыг судалж үзэхэд Үндсэн хуулийн цэц өчигдөр иргэн А.Базарын гомдлын дагуу 2015 оны аравдугаар сард дунд суудлаар шийдвэр гаргаад түүнийг нь УИХ хүлээж аваагүй тул Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 13 тоот шийдвэр гаргасан юм байна.
Иргэн А.Базар нь 8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргаж Цэц хүлээн авсан байна. Улмаар өчигдөр Цэц уг иргэний гомдлыг Их суудлаараа эцэслэн хүлээн авсан. Гэтэл Ардчилсан намаас энэ асуудлыг МАН-тай зориуд холбож, улмаар 8 хувийн зээлийн хүү 20 болж байгаа мэтээр ор үндэсгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тараасаар байгаа учраас няцаалт хийж байна” гэсэн юм.