Өнгөрсөн сард Нигерийн Дапчи хотын нэгэн сургуулиас хулгайлагдсан сурагч охидыг чөлөөлсөн тухай засгийн газрын эх сурвалжаас мэдэгджээ. Нигерийн Мэдээлэл, соёлын яамны мэдэгдсэнээр гэмт этгээдүүд 110 сурагч охиныг хулгайлснаас 76-г нь өглөө эрт буцаан явуулсан байна. Армийнхан тус бүс нутагт хүний амь эрсдүүлэхгүйн тулд ажиллагаагаа түр зогсоожээ. Гэсэн хэдий ч амиа алдсан охидын тооны талаар дурдаагүй байна.
Мэдээлэл, соёлын сайд Алхажи Лай Мухаммедийн хэлсэнчлэн охидыг ямар нэгэн болзолгүйгээр сулласан бөгөөд зарим нь найз нөхдийн туслаймжтайгаар чөлөөлөгджээ. Сайд Мухаммед, “Энэ бүх хүчирхийлэл, сөргөлдөөн охидын амь насанд аюул заналхийлэл учруулах ёсгүй. Тиймээс хүчирхийллийн бус хандлагыг эрхэмлэх хэрэгтэй байна” хэмээн ярьсан байна.
Охидыг өнгөрөгч хоёрдугаар сарын 19-нд буюу Даваа гаригийн орой сургуулиас нь Дапчи хот руу дайрсан этгээдүүд хулгайлсан аж. Анхандаа охидыг хэн ч хулгайлаагүй, өөрсдөө зугтаж дайжсан хэмээн эх сурвалжууд үзсэн байсан ч долоо хоногийн дараа Исламын бүлэглэлийнхэнд хулгайлагдсаныг олж мэджээ.
Нигерийн ерөнхийлөгч Мухаммаду Бухари охидыг олноор нь хулгайлсан явдлыг “үндэсний гамшиг” хэмээн онцлоод, охидын ар гэрийнхнээс хүлцэл өчсөн байна. Энэ сарын 12-ны өдөр засгийн газар охидыг аврахын тулд Исламын бүлэглэлийнхэнтэй хэлэлцээр хийж, цэргийн ажиллагаагаа зогсоосон юм.
Орчуулсан Б.Болормаа