Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батласан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгасан гол өөрчлөлт нь иргэдрүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгсөнөөрөө онцлог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Мөн татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай юм байна.
Үндэсний татварын албанаас ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудасны туршилтийн хувилбарыг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулж эхэлсэн байна. Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх, төлбөрийн баримтийн мэдээлэл дээр үндэслэн одоо хэрэглэгдэж буй НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэл болж байгаа юм.
Худалдаа үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд, татвар төлөгч нарт кассын машин байхгүй тохиолдолд ebarimt.mn сайтаар дамжуулан цахим төлбөрийн баримтыг хэвлэх боломжтой юм байна. Энэ хүрээнд татвар төлөгчдөд зориулсан сургалтыг Нийслэлийн Татварын газраас энэ сарын 14-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсон байна. Сургалтын хуваарь, хөтөлбөр болон Монгол Улсад бүртгэлтэй хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн нэрсийг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй харна уугэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.