Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа захиран зарцуулж байжээ. Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/ гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн баримтад шалгалт хийсэн байна.
Тус шалгалтаар дээрх зөрчил илэрчээ. Ш.Хажидмаа дарга өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая нийт 71.5 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо данс руу оруулан завшиж байсан гэж МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар мэдэгдлээ. Улмаар энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон салбарын яамд нь МЭМАҮЭХ-ноос албан шаардлага хүргүүлсэн байна.