Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ өнөөдөр нэг баррель нь 36.98 ам доллар болж буун 2008 оны хямралын үеийн доод ханш болох 37 ам доллар гэх үнэлгээнээс ч дотогш уналаа. Өнгөрөгч долоо хонгийн эхнээс доошилж эхэлсэн шатахууны ханшны уналтанд ОПЕК-ын орнуудын чуулга уулзалт их нөлөөлсөн. Уг хурлын үеэр нефтийн олборлолтыг хязгаарлахгүй, цаашид энэ хэмжээнээс илүүг олборлож нийлүүлэх болно гэж мэдэгдсэн нь үнэ унах шалтаг болсон гэж үзэж байгаа. Өнөөгийн байдлаар ОПЕК-ын гишүүн орнууд өдөрт 31-32 сая баррель нефтийг олборлож байгаа. Түүнээс гадна сүүлийн хэдэн жил хорио цээрийн улмаас \”тоглоомны гадна” байсан Иран улс он гараад нефть борлуулах эрхтэй болж байгаа нь ханшийг улам сулруулж байна хэмээн шинжээчид бичжээ.