Ихэнхдээ зам товчлохоор
нуурын дээгүүр явах нь бий. Гэвч нуурын ус гүйцэт хөлдөж, мөсөн бүрхүүл
автомашин даах хэмжээнд хүрээгүй байхад дээгүүр нь явж байгаад эндэх явдал
гарсаар л байгаа юм.
Даваа гаригт Ховд аймгийн
Дөргөн сумын Авгус багийн нутаг Хар-Ус нуурын \”Бөөр” хэмээх газар 25-39 насны
гурван залуу автомашинтайгаа цөмөрч живсэн хэрэг гарчээ. Хэрэг гарсан тухай
мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч 19 албан хаагч, орон нутгийн
25 иргэний хамтаар эрлийн баг гарсан байна. Харамсалтай нь 29 настай О-г нуурын
эргээс осгож нас барсан байдалтай, 25 настай Б-г усанд живж нас барсан
байдалтай олж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол
орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав
хоногийнхоос 10-25 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн,
нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа
хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан
адилгүй байгаа гэнэ. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд
хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр гол нуурын мөсөн
дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр
хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.