Канадын өсвөр насны нэгэн охин 18 насны төрсөн өдрөөрөө анхны сугалаагаа худалдан авснаар аз таарч хонжворын эзэн болжээ. Куэбек мужаас ирсэн Чарли Лагарде охин энэ сарын 14-нд 18 нас хүрэхдээ оргилуун дарс худалдан авч байхдаа нэг сугалааг хамт авсан байна.
Энэхүү сугалаагаар хонжворын эзэн болсноор охин нэг сая долларыг бэлнээр авах, аль эсвэл бүхий л насаараа долоо хоног бүр 1,000 доллар авах гэсэн хоёр боломжоос сонголт хийх эрхээр шагнуулжээ. Харин Чарли охин санхүүгийн зөвлөхтэй зөвлөлдсөний эцэст насан туршдаа долоо хоног бүр 1,000 доллар авах эрхийг сонгосон байна. Учир нь энэ тохиолдолд улсад ямар нэгэн татвар төлөхгүй юм байна.
“Уг сонголтыг хийснээр татвар төлөхгүйгээр нэг жилд 100,000 долларын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авах эрхтэй болно. Энэ бол залуу хатагтайн хувьд амьдралынх нь гайхалтай сайхан эхлэл болж байна” хэмээн сугалааны корпорацийн төлөөлөгч Пэтрис Лавой ярьжээ.
Чарли Лагарде хонжворын мөнгөөрөө аялал болон өөрийн боловсролд зориулахыг хүсч байгаагаа илэрхийлээд “Би гэрэл зураг авч сурахыг хүсдэг. Бас Үндэсний газар зүйн нийгэмлэгт ажиллахыг мөрөөддөг” хэмээн ярьжээ.
Б.Болормаа