УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, гишүүд сонирхсон асуултдаа хариулт авлаа. Үүний дараа Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед нэр бүхий гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг олонх дэмжив. Эл саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд мөн дэмжсэн юм. Уг хуулийг баталснаар банкин дахь хадгаламжийн хүүгээс татвар авахааргүй болж буй. Энэ үйлчлэл 2018 он хүртэл хүчинтэй байх юм. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 77.6 хувийн саналаар дэмжин баталлаа.
Уг хуулийг баталснаар сэргээгдэх эрчим хүч түүнийг байгуулахтай холбоотойгоор импортоор орж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлөх юм. Түүнчлэн Гааль, татвар хоёрыг нэгтгэх зохицуулалтыг хийлээ. Уг хуулийг гишүүдийн 89.1 хувийн саналаар дэмжин баталлаа. Татвар, Гаалийн ерөнхий газрыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэгтгэх юм.
Тиймээс УИХ дээрх хуулийг баталснаар хоёр агентлаг нэг болж ажиллахад саадгүй болж буй аж. Мөн Сангийн сайдын тайлбараар бол хоёр агентлаг нэгдэхэд 100 орчим хүнийг ажлаас нь чөлөөлөх юм байна.