\”Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хэргийн давж заалдах шатны хурал өчигдөр болсон юм. Ингээд шүүхийн шийдвэрээр Л.Гансүхэд анхан шатны шүүхээс өгсөн 4 жил 6 сарын ялыг хэвээр үлдээхээр болсон байна.
Харин Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг ч хэвээр үлдээсэн байна.
Дашрамд дуулгахад, шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу, Д.Энхбаяр нар оролцож байгаа бол улсын яллагчаар Б.Батжаргал, Ш.Баярбилэг нар оролцсон. Өөрөөр хэлбэл шүүх хуралд Л.Гансүх биелэн оролцсонгүй.
Шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар болон шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцсон байна.