Онон голын хөвөөнд 772 га газрыг гадаадын компанид ашиглуулахаар хууль бусаар лиценз олгосон гэх үндэслэлээр \”Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Уул уурхайн сайд Р.Жигжид ажлаасаа огцрох бүрэн үндэслэлтэй гэсэн шаардлагыг тавьж, Монголын үндэсний түүхийн музейн урд суулт зарласан.
Тэгвэл өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид энэ асуудлаар албан ёсны тайлбар хийлээ. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт орших алтны ордод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Монгол-Канадын хамтарсан \”Гутайн даваа” компани нь 2003 онд тус газарт хайгуул хийх тусгай зөвшөөрлөө авч байжээ. Удалгүй тус газартаа \”Гутайн” алтны үндсэн ордыг нээж, нөөцийн тайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3174 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг.
Гэтэл тэр үед урт нэртэй хуулийн үйлчлэлийн бүс Ойн сан бүхий газартай давхцалтай байж таарчээ. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд УИХ урт нэртэй хуулийг шинэчлэн баталж, дагалдах журмыг боловсруулсан байдаг. Өөрөөр хэлбэл \”Гутайн даваа” компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин нь тухайн урт нэртэй хууль, түүнийг дагалдах журмаар бүрдсэн байна. Тиймээс \”Гутайн” алтны ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг \”Гутайн даваа” компанид өнгөрсөн наймдугаар сарын 13-ны өдөр хуулийн дагуу олгосон гэдгээ Р.Жигжид сайд мэдэгдлээ.