Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг 200 гаруй мянган хүүхдэд нэмж олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-ээс эхлээд 860 гаруй мянган хүүхэд сар бүр хүүхдийн мөнгө авах юм байна. Энэ нь нийт хүүхдийн 80 хувийг хамарна гэсэн үг аж. Улсын эдийн засаг сайжирч байгаатай холбоотойгоор нийгмийн зорилтод бүлэгтээ чиглэсэн орлого нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх өөр нэг анхаарал татах асуудал нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн сангийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл юм. Уг төсөлд Засгийн газар саналаа өгнө.