УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгосон. Ингэснээр УИХ-ын харьяаны байгууллага болох Үндэсний статистикийн хороо Засгийн газрын агентлаг болж, даргыг Засгийн газар томилдог болж байгаа юм. Тиймээс даргыг нь үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлага гарсан.
УИХ дахь МАН-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар нар Статистикийн хороог Засгийн газрын харьяанд шилжүүлсэн нь буруу. Засгийн газар өөрөө амьдрал сайн байна гэсэн статистик гаргаад явдаг болох нь. Статистикийн мэдээ зөв гарч байж, улс орон бодитой дүгнэлт хийж, бодлогоо зөв тодорхойлно хэмээн саналаа хэллээ.