НИТХ-аар дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зориулалтын
автомашинаар зөөж, шилжүүлэх төлбөрийн талаар хэлэлцэж, тогтоолоо.
Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн
ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор
08.00-20.00 цагийн хооронд хориглосон газарт зогсож, бусдын хөдөлгөөнд
саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, зогсохын
хориглох 77 гудамж, замыг баталсан юм. Үүнээс гадна зориулалтын автомашинаар
тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30.000, суудлын автомашин,
микробус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60.000, 3.5 тонноос
дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90.000 төгрөг байхаар тогтоолоо.
Түүнчлэн түр саатуулах байрны нэг хоногийн төлбөрийг мотоцикл
3.000, суудлын автомашин болон 3.5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин
5.000, 3.5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын
автобус 10.000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми
20.000 төгрөг байхаар тус тус батлав.
Тээврийн хэрэгслийг
зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км дотор зөөх
бөгөөд шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр
саатуулах байрны төлбөрөөс чөлөөлөх юм байна. Мөн түр саатуулах байр, түүний
зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 метр.квадрат байх, зориулалтын
чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар тогтоолоо.
Журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.