МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшүүлээд байгаа. Тэгвэл энэ
асуудлыг нам, эвслийн бүлгүүд өнөөдрийн хуралдаанаараа авч хэлэлцэх аж.МАХН-МҮАН-ын \”Шударга ёс” эвслийн бүлгээс өнгөрөгч сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Н.Энхбаярыг Шадар сайдад, Ц.Оюунбаатарыг Эрүүл, мэнд спортын сайдад тус тус нэр дэвшүүлэх хүсэлтээ хүргүүлсэн. Гэсэн ч Н.Энхбаярыг Шадар сайдад томилох томилгоо тодорхойгүй хугацаагаар сунжирч, түүний ялтайд тооцогдох хугацаа дууссан, дуусаагүй гэдэг маргаан улстөрийн хүрээнд өрнөх болоод байгаа.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, \”Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг гэж бий. Шийтгэлгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй байгаа шүү дээ” хэмээн Н.Энхбаярт холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, \”Би буруу санаагүй бол энэ хүний албан тушаалын хэрэг нь 2009 оны өршөөлийн хуульд хамрагдсан. Шүүхийн шийдвэрээр. Намрын өршөөлийн хуулиар ялтай байдлыг бүгдийг өршөөсөн” хэмээсэн мэдэгдсэн юм.
Тэгэхээр энэ бүгдийг эцэслэж, Н.Энхбаярыг төрийн өндөр албан тушаалд дэвшүүлэх эсэх нь өнөөдрийн намын бүлгүүдийн хуралдаанаар тодорхой болох нь.