Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэхээр болсон. Ингэснээр эдгээр байгууллагын үндсэн чиглэл, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахгүй. Харин байр ашиглалт, төсөв зэргийг нэгтгэх замаар 1.7 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэх тооцоог Сангийн яамнаас гаргасан. Өөрөөр хэлбэл, Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газрын байранд шилжүүлж, тодорхой тооны ажилтныг цомхотгох, хоёр байгууллагын даргыг нэгтгэснээр давхардсан орон тоо багасч, цалин, хангамж буурна гэж үзээд байгаа аж.
Улсын төсвийг төвлөрүүлдэг дээрх хоёр байгууллагыг нэгтгэж Татварын Ерөнхий газрын байранд оруулах юм. Харин Гаалийн Ерөнхий газрын байрыг нээлттэй тендер зарлаж дуудлагаар худалдах аж. Гааль, Татварын Ерөнхий газрын хувьд ерөнхий нэг даргатай, асуудал эрхэлсэн гурван дэд даргатай байх гэнэ. Мөн Улсын байцаагч нарын цалин ижил байх бөгөөд нэгдсэн нэг шатлалаар явах юм байна.
Тэгвэл нэгтгэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд ингэснээр ГЕГ, ТЕГ-аас нийт 250 орчим хүн ажлаасаа чөлөөлөгдөхөөр байгаа юм байна. Тодруулбал, Гаалийн Ерөнхий газраас 100 гаруй хүн, Татварын Ерөнхий газраас 150 орчим хүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл байна.