Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тус аймгийн нутаг дэвсгэр дээр автомашин жолоодсон Монгол залууг саатуулжээ.
Уг хэрэгт холбогдсон 28 настай эрэгтэй А өнөөдөр өглөөний 05.00 цагийн орчим автомашин жолоодон, дөрвөн замын уулзвар дээр гэрлэн дохио хүлээж байхдаа гараа дэрлэн унтаж байгаад саатуулагдсан байна.
Улмаар түүний цусан дахь алкоголийн хэмжээ 0.15% буюу автомашин жолоодох эрхээ хасуулах хэмжээнд байсныг цагдаагийн ажилтнууд тогтоожээ.
Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас согтуугаар автомашин жолоодсон Монгол залуу тус улсад гэрээгээр ажиллаж байсан ч гэрээний хугацаа дуусч, 2013 онд эх орон руугаа буцах ёстой байсан ч, өнөөг хүртэл Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсныг нь илрүүлсэн байна.