Хүний хөгжлийн сангаас сар бүр хүүхдэд олгодог 20000
төгрөгийг энэ оноос өрхийн амьжиргааны түвшинд тулгуурлан \”ялгавартай” олгохоор
болсон. Чухам айл өрхийн амьжиргааны түвшинг хэрхэн ангилж байгаа нь
тодорхойгүй байснаас болоод дээрх шийдвэр иргэдийн бухимдалтай тулгасан юм.
Тодруулбал, гэртээ өнгөт зурагт, шарах шүүгээ, хөргөгч,
индүү зэрэг цахилгаан эд хэрэгсэлтэй айлын хүүхдүүд улсаас тэтгэмж авахгүй
байхаар зохицуулсан хэмээн шуум тарж, үүнээс болж иргэдийн дунд таагүй хандлага
бий болоод байсан юм.
Монгол Улсын эдийн засаг хямралтай байгаа. Гэвч хүүхдийн
мөнгийг хасахгүйгээр өөр хэмнэлт хийж болох гарцыг Засгийн газрын тэргүүн олж
харж чадахгүй байгаад л иргэд маш ихээр
дургүйцэж байгаа. Тэгвэл асуудал өндөр авахаас өмнө төрийн гурван өндөрлөг
уулзаж, хүүхдийн мөнгийг хуучнаар нь буюу ямар нэгэн ялгаваргүйгээр олгох
шийдвэрийг гаргасан байна.
Ялгавартай олгох асуудлаас болоод 12 дугаар сарын
хүүхдийн мөнгө олгогдоогүй. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж, өнөөдрөөс \”ялгаваргүй”-гээр
хүүхдийн мөнгийг тарааж эхэллээ хэмээн Нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн
байна.
Уг нь
хүүхдээр улс төрийн шоу хиймээргүй л байгаа юм. Хэдэн хүүхдэд сар бүр 20 мянган
төгрөг өглөө гээд улс орон хямрахгүй. Харин төсөв хэмнэх нэрээр халж байгаа дүр
үзүүлж, цаагуураа илүү өндөр албан тушаалд томилсон \”дэд сайд” нарын цалингаас
хэмнэлтээ эхэлвэл яасан юм бэ. Ямар ажил хийдэг нь мэдэгдэхгүй давхардсан албан
тушаалтнууд төрийн байгууллагад маш олон байна. Үнэхээр эдийн засаг хямарч,
хүүхдийн мөнгө хасах дээрээ тулсан юм бол тэр олон дэд дарга, орлогчдыг цөөлж,
зарим газар хэлтсүүдийг нэгтгэсэн ч болмоор санагдах юм. Энд жирийн ажилчин
албан хаагчийг халах, цомхотгох тухай юу ч дурдаагүй юм шүү.
Харин сардаа 10
хүний цалин авч, тансаглаж суудаг хүмүүсийг л цөөлөөд өг гэж хүсч байна. Тэгвэл
хүүхэд хөгшидийнхөө мөнгө рүү сарвайлтгүй эдийн засаг сэргээд эхэлнэ. Дахиж битгий хүүхдийн мөнгийг оролдоорой. Түүгээр чинь амьдардаг олон өрх байдаг юм шүү.
А.Аюуш