Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хамт олон өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж, өдөр бүр сүү, тараг ууж хэвшихийг Монголынхоо нийт ард түмэнд уриалж, хамт олноороо ажлын эхний өдрөө сүү, тараг, цагаан идээний дээжээр эхлүүллээ.
Хүрээлэнгийн нийт 90 гаруй ажилчин бүтэн жилийн турш өдөр бүр сүү, тараг, аарцийг хэрэглэж хэвшихээр болж буй юм.
НЭМХ-ийн Хоол судлалын төвийн дарга Ж.Батжаргал хэлэхдээ, сүү бол хамгийн төгс чанартай уураг бөгөөд ямар ч хүнсний бүтээгдэхүүнд байдаггүй шим тэжээлийг агуулж байдаг. Өвлийн улиралд их хэмжээний мах идсэний дараа гэдсийг цэвэрлэх үнэ цэнэтэй бүтээгдэхүүн хэмээн онцолсон юм.
Ийнхүү хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид бүтэн жилийн турш сүү цагаан идээг өдөр бүр хэрэглэх бөгөөд жилийн дараа үр дүнг үзэхээр боллоо.
Сүү, цагаан идээ нь монгол хүний уламжлалт идээ ундаа бөгөөд бие махбодод чухал шаардлагатай уураг, тос, эрдэс, аминдэм, бичил бодисыг хэрэгцээт хэмжээгээр, зохистой харьцаагаар агуулдаг, хялбар боловсорч, шингэдэг үнэт хүнс юм. Сүү цагаан идээг тогтмол хэрэглэснээр шүд, ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс хамгаалахын зэрэгцээ ходоод гэдэсний үйл ажиллагааг зохицуулан тэнцвэржүүлж, зарим эмгэгээс сэргийлдэг байна.