Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс санаачлан Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон орон сууц гэр хорооллын доторх гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай арилгах, хяналт тавих, шаардлагатай нэмэлт арга хэмжээг зохион байгуулж, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилгоор шалгалт явуулах удирдамж гаргалаа. Удирдамжийн хүрээнд энэ сарын 6-наас эхлэн 5 хоног нийслэлийн хэмжээнд халтиргаа, гулгааг арилгах талаар хэрэгжүүлж байгаа ажилд шалгалт хийх юм байна.
Шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, \”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Авто замын газрын дарга мэргэжилтнүүд оржээ.
Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн эзэмшил талбай, түүнээс гадна орчны 50 м хүртэлх талбайн хог цэвэрлэгээ, цас мөсөө тогтмол арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх арга хэмжээг авч байгаа эсэх, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас олон нийтийн байцаагч нарыг ажиллуулж, дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьсан байдал, илрүүлсэн зөрчил, тэдгээрийг арилгуулж, шийдвэрлүүлсэн байдал, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт, цэвэрлэгээний байгууллагууд нь хариуцсан гудамж, зам, талбайн цас цэвэрлэгээг шуурхай цэвэрлэж, үүссэн халтиргааг арилгасан байдал, орон сууц, гэр хорооллын доторх зам талбайн цас мөсийг арилгах ажлыг хэрхэн гүйцэтгэж буй байдалтай газар дээр нь танилцах юм байна.
Мөн тус ажлын хэсгээс халтиргаа, гулгаа ихтэй, цэвэрлэгээ хангалтгүй байгаа гудамж, талбайн судалгааг дүүрэг, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцагч байгууллага бүрээр гарган, зурагжуулж баримтжуулах юм. Түүнчлэн цас ихээр орсон үед нийтийн эзэмшлийн талбайн цас мөс цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх хүн хүч, машин техник, багаж хэрэгслийн хүрэлцээ, бэлэн байдал бүрдсэн эсэхийг шалган тоон судалгаа хийж, үнэлгээ өгч зөрчил дутагдал гаргасан албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгж иргэдэд хариуцлага хүлээлгэх талаар нийслэлийн удирдлагад танилцуулахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.