АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид агаараас цохилт өгөх зарлиг гаргасан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Тэрээр “Би АНУ-ын зэвсэгт хүчинд дарангуйлагч Башар Асадын химийн зэвсгээ хадгалж буй объектуудад цохилт өгөхийг тушаасан” хэмээн мэдэгджээ. Түүний энэхүү зарлиг нь Зүүн Гутад хориотой химийн зэвсэг ашигласан “араатан”-д зохих хариуг нь өгч буй бодит алхам гэнэ. Түүний хэлж байгаагаар АНУ энэхүү цэргийн ажиллагаагаа Франц болон Их Британи улстай хамтран явуулах бөгөөд ажиллагааны гол зорилго нь үй олноор хөнөөх зэвсгийг дахин ашиглах оролдлогыг таслан зогсоох явдал ажээ. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн цэргийн хүчин Сирид удаан хугацаагаар байрлах зорилгогүй болохыг онцолсон байна. Трампын мэдэгдэж байгаагаар Сирийн талаас химийн зэвсэг ашиглахаа болих хүртэл АНУ-ын цэргийн хүчний ажиллагаа үргэлжлэх юм байна.
Дональд Трампийн хийсэн энэхүү мэдэгдлийн дараа Сирийн нийслэл Дамаскад дэлбэрэлт болж буй дуу чимээ гарч, хотын дээр утаа суунаглаж эхэлсэн тухай гэрчүүд ярьсан байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр АНУ-ын зэвсэгт хүчин Сирийн нийслэл Дамаск хотыг «Томагавк» далавчит пуужингаар харважээ. Эх сурвалжуудийн мэдээлж байгаагаар энэхүү агаарын цохилтод Дамаск хотын нисэх онгоцны буудал болон Сирийн шинжлэх ухааны төвүүд байрладаг Барзех төв хамгийн түрүүнд өртсөн байна. Мөн үүний зэрэгцээ Сирийн хэвлэл мэдээллийн SANA агентлагийн мэдээлснээр тус улсын агаарын довтолгооноос хамгаалах цэргийнхэн Дамаскийн эсрэг харвасан АНУ тэргүүтэй эвслийн орнуудын 13 далавчит пуужинг амжилттай сөнөөсөн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн зэвсэгт хүчнийхэн Зүүн Гута хотод байлдааны ажиллагаа явуулах үедээ химийн зэвсэг хэрэглэсний хариуд агаараас цохилт өгөх болно хэмээн мэдэгдсэний дөнгөж дараахан нь ийнхүү Дамаск хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхэлжээ.