Шоу ертөнцийн алдарт хос Бэйонси, Жэй Зи нар нэгэнтээ 400 мянган доллараар түрээслэн сар гаруйхан хугацаанд амьдарч байсан харш 49.95 сая долларын үнээр зарагдахаар болжээ.
Брижхэмптоны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөд тооцогддог уг “Элсэн цамхаг” нь боулинг, сагсан бөмбөгийн заал, гоёмсог чулуун хана гээд олон зүйлээрээ алдартай аж. Нэмэлт 11 акр газартай уг харш өндөр үнэ хүрсэн нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд багагүй шуугиан тарьжээ.
Нийтдээ 1572 м.зв талбайтай уг харш тус бүр гал тогоотой унтлагын 15 өрөөтэй гэнэ. Үл хөдлөх хөрөнгийн нэрт бизнесмэн Эое Фаррел уг харшийг 2008 онд баригдсанаас нь хойш бусдад түрээслүүлсэн байна. Түүний түрээслэгчдээс хамгийн алдартай нь Жэй Зи, Бэйонси нар байсан аж. Алдартай хос гэр бүлээрээ харшийг 2012 оны зун нэг сар гаруй хугацаанд түрээслэн сууж байжээ.
Харин энэ онд харшийг зарахаасаа өмнө ноён Фаррел нэгэн харилцагчаасаа нэг сая доллараар түрээслэх санал хүлээн авчээ. Энэ нь хүүхэдтэй гэр бүлийнхэнд зориулсан, амралтаа өнгөрүүлэхэд тохиромжтой, тав тухтай тансаг орчныг бүрдүүлсэн харш аж.
Мөн тэшүүрээр гулгах талбай, DJ бүхээг, гольф болон боулингийн талбай, баар, бүжгийн танхим гэгчлэн амралт зугаа цэнгэлийн цогцолборт байх ёстой бүхий л хэрэгцээт зүйл энэ харшид бий гэнэ. Хамгийн гол нь теннис, биллиардын өрөө, гэрийн театр, 18 метр гүн усан сан зэрэг нь энэ харшийг өндөр үнээр түрээсэлж, үнэ хүргэхээд ихээхэн нөлөөлдөг аж.
Б.Болормаа