Нэгдүгээр сарын 1-нээс хэд хэдэн хууль шинээр хэрэгжиж байгаа. Түүний нэг болох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхлээд хэд хонож байна. Ийн хэрэгжсэнээр 300 гаруй тэрбум төгрөгийн далд эдийн засгийг ил болгоно гэж үзээд буй юм. Харин хууль хэрэгжсэнээс хойш зарим аж ахуйн нэгж бүрэн ойлголтгүйгээс үнээ нэмсэн тохиолдол гарсан байна.
Хэрэв та тухайн аж ахуй нэгжийг хиймлээр үнээ өсгөсөн байна гэж үзвэл Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт өргөдөл гомдлоо гаргах эсвэл, 1800-1288 утсанд мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр зохих журмын дагуу арга хэмжээ авах юм байна. Учир нь, хэрэглэгчдийн худалдан авч байгаа бүх бараанд НӨАТ-ын үнэ шингэчихсэн байдаг. Тиймээс баримтыг үнэ нэмэхгүйгээр олгох ёстой.
Гэтэл зарим аж ахуй нэгж хиймэл үнэ зохиож иргэдийг төөрөгдүүлж байгаа аж. Мөн зарим дэлгүүр лангуун дээр тавьсан барааны үнэд НӨАТ-аа оруулахгүй бичиж, тухайн бараа нь бусад дэлгүүрээс хямд гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлдэг байна. Гэтэл иргэд тухайн барааг нь аваад кассанд бичүүлэх үед НӨАТ-ыг нэмж бичдэг аж. Мөн зарим бараагаа хямдарсан мэтээр худал үнэ бичиж иргэдийг хуурах асуудал ч үүсдэг байна. Энэ нь Хэрэглэгчийн тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд иргэнд 250 мянга, аж ахуйн нэгжид 10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах тухай НӨАТ-ын хуулинд зүйлчилсэн байдаг юм байна.
Одоогоор 8000 орчим цэгт аж ахуйн нэгжүүд баримт хэвлэж байгаа аж. НӨАТ-ын урамшууллын системд иргэдээс 700 орчим мянган баримтын мэдээлэл бүртгэгдээд байна. Томоохон аж ахуйн нэгжүүд хэдийн бүртгэгдээд байгаа бол жижиг, дунд бизнес эрхлэгчид аль болох хурдан цахим төлбөрийн баримтын системд холбогдох нь хэрэглэгчээ алдахгүй байхад туслах болохыг зөвлөж байгаа юм.