Калифорни мужид алдарт “Coachella 2018” наадмыг нээж тайзнаа гарсан дуучин Бэйонси нэгэн үе залуусыг байлдан дагуулж, урлагийн тайзнаа гялалзаж явсан “Destiny’s Child” хамтлагийнхантайгаа хамт дуулж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьжээ.
Охидын гурвал хамтдаа “Say My Name”, “Soldier” болон 2004 оны хит “Lose My Breath” дуугаа дуулсан байна. 2015 онд Stellar Gospel хөгжмийн наадмын тайзнаа хамт гарснаас хойш дахин нэгдэж буй анхны тоглолт нь энэ юм.
Өдгөө 36 настай дуучин Бэйонси 2003 оны хит “Crazy In Love” дууныхаа эхлэлийг жагсаалын хамтлагтай эхлүүлж, цэргийн сэдэвт үзүүлбэр үзүүлжээ. Бүжигчид нь хар малгай, цэргийн хэв маягийг харуулсан чимэглэл бүхий шар юүдэнтэй цамц, дүрэмт хувцасны бариу өмд зэргийг өмссөн байв.
Наадмын хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн нээлтийн үйл ажиллагаанд иргэний эрхийн тэмцэгч Малколм Х, феминист зохиолч Чимаманда Нгози Адичи, Нина Симон нар үг хэлжээ. Калифорнийн Индио хотноо гурван өдөр үргэлжилж буй уг наадмын хоёр дахь өдрийн хаалтыг Бэйонси төгсгөсөн бол сүүлийн өдрийг дуучин Эминем хаах аж. Техасаас гаралтай дуучин бүсгүй өнгөрсөн оны “Coachella 2018” наадмыг нээх байсан ч хөл хүндтэй болсны улмаас хойшлуулж байсан билээ.
Энэ оны эхээр тус наадмын тайзнаа “Destiny’s Child” хамтлагийнхан гарна гэсэн албан бус эх сурвалжийн мэдээ нэлээд цацагдсан билээ. Харин хамтлагийн гишүүн уг таамгийг үгүйсгэж Келли Роуланд өнгөрөгч 12 дугаар сард People сэтгүүлд ярихдаа уг наадамд хамтлагаараа оролцохгүй хэмээн мэдэгдэж байжээ.
Б.Болормаа