Өнөөдөр Монголын ардчилалын алтан хараацай, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан АН-ын гишүүд, дэмжигчид болон жирийн иргэд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Лу.Болд хэлэхдээ “Санжаасүрэнгийн Зориг гэдэг хүнийг АН-ын хүн гэж харддагаа одоо зогсоох хэрэгтэй. Энэ хүн бол Монголын ард түмний хайртай хүү байсан юм. Улс орон мухардалд ороод маш хүнд харанхуй цаг үе ирж байсан учраас “За би зөвшөөрлөө шүү, одоо ингээд Ерөнхий сайдын төлөө явья” гээд надтай утсаар ярьсан. Шадар сайд Пүрэвдоржийн оршуулгын ажилд очихоор явлаа гэсэн. Тэр шөнөдөө амь үрэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл тэр шөнө Монголын ирээдүйг, Монголын дараагийн Ерөнхий сайдыг, Монголд сайхан ирээдүй авчрах тэр хүнийг хөнөөсөн аймшигтай аллага болсон юм” гэв.