Өнөөдөр шинэ Үндсэн хуулиа баталсны 24 жилийн ойн өдөр өчигдөр тохиоллоо. 1992 оноос хойш жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдрийг манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн.
Жил бүрийн энэ өдрөөр Дархан-Уул аймгийн удирдлагууд шинэ Үндсэн хуулийг батлалцахад Дархан-Уул аймгаас оролцсон АИХ-ын Депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.Энэхүү уламжлалын дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн засаг дарга А.Энхболд нар шинэ Үндсэн хуулийг баталсан депутатуудаа хүлээн авч санал сэтгэгдлийг сонсож хүндэтгэл үзүүллээ. Манай аймагт шинэ Үндсэн хуулийг батлалцсан 8 АИХ-ын депутат амьдардаг байна. Тэд уулзалтын үеэр 1992 онд Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байсан тухай ярьж байлаа.
Монголчууд түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны хууль хэмээгддэг байжээ. 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан хууль болсон гэж үздэг байна.
Эх сурвалж: darkhan.gov.mn