Гуравдугаар сарын шилдэг тамирчнаар П.Орхон тодорчээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилготойгоор тодруулдаг билээ.
Өнгөрсөн сард Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон П.Орхон олонхын саналаар сарын шилдэг тамирчин болсон байна. Тэрбээр хамгийн олон буюу дөрөв дэх удаагаа энэ шагналд нэр дэвшиж, хоёр дахь удаагаа ялагч болж байгаа нь энэ аж.
Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа, П.Орхон, Д.Батсүрэн, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн, П.Тэмүүжин нар тус тус хүртэж байсан юм. Гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалтад ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлсэн Э.Бэхбаяр, Японы Такасаки хотноо явагдсан чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тус нэр дэвшсэн ажээ.