Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч гэгдэж байсан Б.Булганыг саяхан Тагнуулын ерөнхий газраас яллагдагчаар татсан билээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ тус байгууллага дээр ирж, нууцын материалд гарын үсэг зурсан хэмээн хэлж байсан ч удалгүй УЕПГ-аас албан ёсны мэдэгдэл хийж, түүнийг яллагдагчаар татсанаа дуулгасан юм. Энэ удаад түүнд хилийн хориг тавьж, өдөр бүр ирж бүртгүүлж байх болзолтойгоор албадан саатуулаагүй байгаа ажээ. 19 жилийн турш С.Зоригийн хэргийн талаар олигтой үг дуугараагүй түүнийг гэнэт яллагдагчаар татсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд тагнуул, цагдаагийнхны хамтарсан ажлын хэсгээс С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах үйл ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтын дагуу хамтран амьдрагч Б.Булганыг ийнхүү яллагдагчаар татаж байгаагаа мэдэгдсэн юм. Нэг үгээр хэлбэл энэхүү ноцтой хэрэгт Б.Булган оролцоотой байж болзошгүй болохыг холбогдох албаныхан үгүйсгээгүй билээ. Хэрвээ энэ хэргийн зангилаа ийм байдлаар эргэж байгаа бол анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял сонссон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг эргэн харж магадгүй нөхцөл байдал үүсч болзошгүй юм.