Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг гуравдагч этгээд шалгах зориулалт бүхий вэб програм хангамжийг нэвтрүүлжээ.
Ингэснээр ТҮЦ машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолтын үнэн зөв, бодит байдлыг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, уг тодорхойлолтыг авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулж, тухайн агшинд нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг дуудан харж, хэвлэгдсэн тодорхойлолттой харьцуулан шалгах боломжтой болжээ.
Шалгах хаяг: http://data.ndaatgal.mn:8080/checklav
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хийгдэх боломж буурна гэж үзэж байгаа аж.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан тус газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс даатгуулагч иргэд, ажил олгогч, харилцагч байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээг үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор вэб програмыг хийжээ.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар