Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна.
ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт. Тус стандартад үйлчилгээ үзүүлэх, ажлын чанарыг удирдах болон хянах тогтолцооны шаардлага үзүүлэлтийг заасан бөгөөд бүхэлдээ хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээг зөв зохистой хангахуулахад чиглэдэг. Ер нь энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжүүлэх зорилго бүхий ямар ч байгууллага нь үйл ажиллагааны чиглэл, хэмжээ, цар хүрээнээс үл хамааран хэрэгжүүлэх боломжтой юм. Тус стандарт нь Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, Байгууллагын үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, Хариуцлагыг дээшлүүлж, эмх цэгцийг бий болгох зэрэг зорилт тавьсан бүх байгууллагад хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Аймгийн ЗДТГ-ын дарга, ажилтнуудад ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын сургалтыг энэ сарын 14-ны өдөр явууллаа. Сургалтыг Чанарын удирдлагын тогтолцооны үндэсний зөвлөх Тэргүүлэгч аудитор Б.Гэрэл чиглүүллээ.
Монгол улсын хувьд 76 байгууллага чанарын удирдлагын тогтоолцооны ISO 9001 стандартын шаардлага ханган баталгаажуулалтын гэрчилгээ авснаас 21 төрийн байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газрууд байна. Дархан-уул аймагт өнөөдрийн байдлаар ISO 9001 гэрчилгээжсэн долоон аж ахуйн нэгж, байгууллага, хоёр Төрийн байгуулага үйл ажиллагаагаа явуулж байна.
М.Гүнжээ
Undesten.mn