Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ сарын нэгнээс мөрдөж эхэлсэн. Иргэд худалдан авсан бүтээгдэхүүнийхээ баримтыг авч бүртгүүлснээр жилийн эцэст нэг удаа нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авахаас гадна сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой болсон билээ.
Сугалааны тохирлыг өнөөдөр МҮОНТ 19:30 цагаас шууд дамжуулан үзүүлэх юм.
Тухайн иргэдийн гарт байгаа сугалааны найман оронтой тооны арын оронгоос эхлэн тааруулж харах хэрэгтэй.
-Арын ГУРВАН орон таарвал 20 мянган төгрөг
-Арын ДӨРВӨН орон таарвал 100 мянга,
-ТАВАН орон таарвал 500 мянга,
-ЗУРГААН орон таарвал 4 сая,
-ДОЛООН орон таарвал 7 сая,
-НАЙМАН орон таарвал 100 сая төгрөг хожно.
Супер азтан болох 100 сая төгрөгийг найман орон нь бүгд таарсан нэг хүн л хожих боломжтой. Ингээд сугалааны дугаар нь таарсан тохиолдолд баримтныхаа дугаарыг гурван сарын хугацаанд багтаан ebarimt.mn сайтад бүртгүүлнэ.
Улмаар тухайн иргэний хонжвор нь автоматаар данс руу нь шилжин орох юм.
Сануулахад, баримт дээр байгаа хоёр үсэгтэй, ардаа найман оронтой тоо бол сугалааны дугаар. Найман тоо бүгдээрээ таарсан нэг хүн супер азтанаар шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болно. Хэрэв супер азтан тухайн үед шалгараагүй бол дараагийн сард 200 сая төгрөг болж өсөх ажээ.