Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж, ААН-үүд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай төлбөрийн баримт хэвлэж эхэлсэн.
НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгох бөгөөд иргэд ирэх оны нэгдүгээр улиралд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг авах юм. Харин сугалааны тохирлыг орон даяар сар бүрийн гурав дахь ням гарагт зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахаар болсон. Өчигдөр НӨАТ-ын сугалааны анхны тохирлоос 1044 азтан тодорч нийт 32 сая 320 мянган төгрөг хожлоо.
Өчигдрийн сугалаанд энэ сарын 1-нээс 10-ны хооронд хэвлэгдсэн бүх баримтыг оруулсан байна. Үүнээс сугалааны дугаарын сүүлийн гурван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн гурван цифртэй таарсан 946 иргэн зургадугаар зэргийн урамшуулал буюу тус бүр 20 мянган төгрөг, сүүлийн дөрвөн цифр таарсан 89 иргэн тус бүр 100 мянган төгрөг, сүүлийн 5 цифр таарсан есөн иргэн тус бүр 500 мянган төгрөг хожив.