Хэд хоногийн өмнө Индонезийн Сулавеси аралд насанд хүрээгүй хоёр хүүхдийг гэрлүүлсэн явдал нь улс орон даяар олны анхаарлыг татаж, ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Шашны шүүхээс зөвшөөрөл авсны дагуу 15 настай хүү, 14 настай охиныг гэрлүүлсэн байна.
Энэхүү гэрлэлт Индонезид төдийгүй дэлхийн олон улс оронд анхаарал татаж, шүүмжлэлийн бай болоод байгаа юм. Тиймээс тус улсын засгийн газар хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж эхэлсэн байна.
Индонези нь Мусульман шашинтай улс бөгөөд насанд хүрээгүй охидыг гэрлүүлж буй тоогоороо дэлхийд тэргүүлдэг юм. Одоогоор гэрлэлтийн доод нас эмэгтэйчүүдийнх 16, эрэгтэйчүүдийнх 19 байгаа боловч шашны шүүхүүд чөлөөтэй зөвшөөрдөг аж.
Дээрх шүүмлжлэлд өртөөд буй залуу бэргэн гэрлэлтээ хувь тавилан гэж үзэж байгаа бөгөөд уг хос таван сарын хугацаанд болзсон аж. Гэр бүлийнхэн нь тэдний харилцааг мэдмэгцээ тэр даруй яаралтай гэрлүүлсэн байна. Шинэхэн бэргэний ээж мөн 14 настай байхдаа хүнтэй гэрлэж байжээ.
Тэд шашны хэрэг эрхлэх газарт гэрлэх хүсэлтээ өгсөн боловч хэтэрхий залуу байна гэх шалтгаанаар татгалзсан хариу сонсчээ. Харин эцэг, эх нь энэ талаар шашны шүүхэд дахин мэдэгдсэнээр гэрлэлтийг зөвшөөрсөн байна.
Охины хувьд хүүхэдтэй болохоосоо өмнө боловсрол эзэмшихээр төлөвлөж байгаа гэсэн бол сургуулиасаа хэдийнээ гарсан түүний нөхөр ажил хийж, гэр бүлээ тэжээнэ гэжээ.
Б.Болормаа