Монгол түмний баяр Цагаан сар ойртож, хүн бүр дор
бүрнээ чадах чинээгээрээ тэмдэглэхээр баярын хүнсээ базааж байна. Учир нь
Цагаан сарыг хэрхэн тэмдэглэснээс шалтгаалж ирэх жилдээ элбэг хангалуун амьдардаг
гэх үзэл байдаг юм.
Тэгвэл энэ жилийн Цагаан сарын өмнө урьд жилүүдтэй
харьцуулбал Хятадын хулхи бараа, бүтээгдэхүүн бус, Монголын хулхи бараа,
бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл чих дэлсэх янзтай. Буянт малынхаа буянаар
амьдарч буй малчид маань буяндаа бузар хийхгүй хэмээн эртнээс нааш цээрлэж,
цэвэр, шинэхэн мах, сүүгээр ард түмнээ хангаж ирсэн. Тэгвэл өдгөө гулууз маханд
чулуу хийх хэмжээндээ хүртэл доройтож, жинг нь нэмэгдүүлж, хэдэн төгрөг илүү олох
аргууд нарийссааар. Айраг, сүүнд ус хийж, ааруул, ээзгийндээ гурил хольдог
байсан бол одоо маханд чулуу хийдэг болж.
Ер нь энэ мэт Хятадын хулхи аргууд
манайд идээшсэн олон жишээ байдгаас тарган сайхан сүүлтэй ууц авлаа гэсэн чинь
гэссэнийнх нь дараа сүүлийг нь нойтон байхад шприцээр ус шахсаныг мэдэж билээ. Энэ
мэт дээр нэмэгдээд транс тос, меланинтай сүү, метилийн спирттэй архи, сироптой
ундаа гээд аль хэдийнэ чихэнд хоногшжээ. Тэгвэл үүн дээр нэмэгдээд боодог хийхэд
нилээд дөхөмтэй чулуутай гулууз худалдаалагддаг болж.
Мэдээж махны үнэ буурч
байгаагаас энэ мэт сөрөг үзэгдэл гарч эхэлсэн бөгөөд оны өмнөхөн Дорноговь,
Дорнод аймагт хөлдүү мах биедээ ороож хил нэвтрэх гэснээс амь нас, эрүүл
мэндээрээ хохирсон хэд хэдэн хэрэг гарсан.
Хятадад махны үнэ өндөр байгаагаас
малчид эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хөлдүү махаар шалдан биеэ ороож, дээрээс нь скочдоод
хувцсаа өмсөн хил давсан хэрэг хэд хэд гарсан ба үүний улмаас хамаг дулаанаа
алдсан нэг эрэгтэй нас барж, нэг эмэгтэй хил давсныхаа дараа скочоо салгах гэж
яарч сандарч байгаад гэдэс рүүгээ дүрж, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол
гарсан юм.
Нинж