Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг \”Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа үүдээ нээлээ. Энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдааг Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, НЗДТГ, МҮХАҮТ хамтран 01.27-02.07-.ны өдрүүдэд \”Хүннү Молл”, \”Шөнийн зах”, Хархорин хороолол дахь \”Монгол аулет” худалдааны төвдүүдэд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд ирэх бямба гарагт /01.30/ \”Хүннү Молл” худалдааны төвд нээлтээ хийх юм. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцоно.
Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуйн нэгж 120 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцож байна. оролцогчид хямд үнийг хэрэглэгчдэд санал болгож байгаагаараа давуу талтай. Түүнчлэн сар шинийн баяр угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамжийн дагуу иргэдэд их багтаамжийн автобусаар үйлчилгээ үзүүлэх болсон. Тодруулбал, үзэсгэлэн худалдааны үеэр Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс \”Хүннү Молл” худалдааны төв чиглэлд хоёр их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагт үйлчилнэ.