Охидын хайртай тоглоом болох барби хүүхэлдэй нь зөвхөн туранхай, өндөр байдаг байсан. Тэгвэл барби үйлдвэрлэгч компани өндөр нам, тарган, туранхай биетэй, янз бүрийн үсний хэв маягтай олон төрлийн барбиг үйлдвэрлэж эхлээд байна.
Америкийн Олон үндэсний тоглоом үйлдвэрлэгч Маттел компани пүрэв гарагт албан ёсны вэб хуудсандаа барби хүүхэлдэйний шинэ хэв маягийн талаар зарласан байна. Мөн Тайм сэтгүүл нүүр хуудсандаа, \”Одоо охид биеийн галбиртаа санаа зовох шаардлагагүй боллоо. Тарган туранхай, ямар биетэй байх нь асуудал биш” хэмээн бичсэн байна. Маттел компанийн мэдээлснээр, одоо барби хүүхэлдэйн биеийн галбир нь 4 янз, арьсны өнгө нь 7 өөр бөгөөд нүд нь 22 өнгийн, үс нь 24 өөр хэв маягтайгаар үйлдвэрлэгдэж байна.Нийтдээ 33 өөр хүүхэлдэйг танилцуулсан хэмээн компанийн төлөөлөгч Мишель Чидони хэлсэн байна.Өнгөрсөн жил тус компани өндөр өсгийттэй биш намхан ултай гуталтай барбиг үйлдвэрлэж өөрчлөлт хийж байсан. Өнгөрсөн зургадугаар сард Маттел олон янзын арьсны, нүдний өнгө, өөр өөр үсний хэв маягтай хүүхэлдэйг үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэсэн ч энэ удаад танилцуулж байгаа янз бүрийн хэв маягтай хүүхэлдэйг бид урьд өмнө нь үйлдвэрлэж байгаагүйгээрээ онцлогтой хэмээн албаны хүн хэллээ. Энэхүү өөрчлөлтийг хийх болсон шалтгаан нь Маттел компани бодит амьдралаас хол тасархай хүүхэлдэйг үйлдвэрлэлээ гэх шүүмжлэлд өртсөнтэй холбоотой байна. 2006 онд Их Британид явуулсан судалгаагаар охид яг барби шигээ туранхай болохыг хүсдэг болох нь батлагдсан. Барбины дизайны захирал Роберт Бэст хэлэхдээ, эдгээр өөрчлөлт нь нийгэмд тулгарч буй асуудлыг эерэг байдлаар шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой хэмээн хэлсэн байна. Тэрбээр онлайнаар нийтэлсэн бичлэгтээ, \”Бид энэ өөрчлөлтийг хийснээрээ яг ийм биетэй бол гоё гэсэн нарийн стандарт байхгүй гэдгийг хэлэхийг зорьсон” гэжээ. Энэ мэдэгдлийг олон нийт таатай хүлээн авч \”Баярлалаа барби” гэсэн хаштаг бүхий постыг олон нийтийн сүлжээнд нийтлэх боллоо. Одоогоор эдгээр хүүхэлдэйг Маттелын онлайн дэлгүүрт л худалдаж байгаа. Гэхдээ гуравдугаар сарын 1-нээс эхлэн тэдгээр хүүхэлдэйг дэлгүүрүүдийн лангуунд тавьж эхлэх юм.