Сар шинийн баяр угтсан \”Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа \”Хүннү Молл”, \”Шөнийн зах”, Хархорин хороолол дахь \”Монгол аутлет” худалдааны төвд болж байна.
Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 07 хүртэл хүртэл үргэлжлэх бөгөөд албан ёсны нээлт өнөөдөр \”Хүннү Молл” худалдааны төвд болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ХХАА-н сайд Р.Бурмаа, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, МҮХАҮ-ийн танхимын дарга Б.Лхагважав болон үйлдвэрлэгч, худалдан авагч иргэд оролцлоо.
Засгийн газраас 2016 оныг \”Хэрэглэгчийн жил”-ээр зарласан. Аж үйлдвэрийн яам энэ оны зорилтоо дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих жил гэж тодорхойлон ажиллаж байгааг тус үзэсгэлэн худалдааг нээхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
\”Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа тус төвд анх удаа болж байна. Энэ арга хэмжээг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, \”Хүннү молл” худалдааны төв хамтран зохион байгуулж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд ажлын байр шинээр нэмэгдүүлэн, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж төр засгийн ачаанаас үүрэлцэж буй дотоодын үйлдвэрлэгчдээрээ бахархаж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Үзэсгэлэн худалдаа амжилттай болж, үндэсний үйлдвэрлэгчид ашиг орлого өндөр, хэрэглэгчид сэтгэл ханамжтай байж, удахгүй болох уламжлалт цагаан сарын баяраараа үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээрээ өнгө жавхаа нэмж, шинэ ондоо аз хийморьтой явахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ерөөлөө. Тэрээр үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, худалдан авалт хийлээ.
\”Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд нийт 200 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэрийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байгаа бөгөөд хямд үнийг хэрэглэгчдэд санал болгож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.